УОК: Европын нислэгээр дамжин ирэх гуравдагч орны иргэдэд виз олгохгүй

Улсын онцгой комиссоор хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

CoVid19 вирусийн халдвар өдгөө дэлхийн 99 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ улс орнуудын иргэдэд хандан нэг ч улс коронавирусийн халдвар тархахгүй гэж бодож болохгүй хэмээн зөвлөмж өгснийг Эрүүл мэндийн сайд хэллээ. Одоогоор манай улсад ДЭМБ-ын зургаан хүнтэй баг ажиллаж, иргэдийн тусгаарлах журмыг боловсруулах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгөөд байгаа юм.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн мэдээлснээр БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Европын чиглэл буюу Туркиш эйрланы нислэг, Москвагаар дамжин Герман хүрдэг нислэгүүдэд цаашид онцгой анхаарахыг үүрэг болгожээ. Тухайлбал, дээрх нислэгээр ирэх гуравдагч орны иргэдэд виз олгохгүй байхад анхаарч ажиллахыг Гадаад харилцааны яаманд чиглэл болгожээ. Нөхцөл байдал хүндэрвэл Европын чиглэлийн нислэгийг хязгаарлах эсэхийг онцгой комиссоор шийдвэрлэх юм.

Нүүрс, газрын тосны экспортын журмын талаар өнөөдрийн хурлаар мэдээлэл сонсоод гуравдугаар сарын 15-ны товлосон хугацаанаас өмнө бэлтгэл ажлаа хангаж ахин хуралдахаар тогтсон байна. Чингэлэг тээврээр Замын-Үүд боомтоор гарч буй тээвэрлэлт хяналт тавих, ариутгал, халдваргүйтлий дэглэмийг чандлан сахихыг анхааруулжээ.

Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар, орон нутгаас гарах орох хөдөлгөөнийг түр хааж хөл хорио тогтоосон. Гуравдугаар сарын 3-нд хөдөлгөөн нээгдсэнээс хойш Улаанбаатар хот руу 19 275 иргэн нэвтэрсэн бол орон нутаг руу 12 946 хүн гарчээ.

 Өнөөдрийн байдлаар 200 гаруй замчин орон нутгийн зам дээр бэлэн байдалд ажиллаж байна. Хаагдсан зам даваа байхгүй. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  “Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. ҮАБЗ-өөс улирлын нөөц бүрдүүлэх чиглэлд анхаарах зөвлөмж өгсөн. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлж өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой байна. Мөн 60 гаруй үйлдвэр экспортод гаргахаар 12 мянган тонн мах бэлтгээд байсан нь чанарын шаардлага хангаагүй тул дотоодын зах зээлд борлуулахаар боломжтой. 

Гурилын хувьд өнгөрсөн намар Монгол Улс 407 мянган тонн улаанбуудай хураан авсны 80 хувь нь гурилын үйлдвэрийн чанар шаардлагыг хангаж буй. Үлдсэн буудайг импортоор оруулж ирж байна. Нийтдээ 100 мянган тонн буудай импортлохын 90 хувиар гурил үйлдвэрлэнэ. Үлдсэнийг ариутгалын бодисын хэрэглээнд ашиглана. Шинэ ургац хүртэл дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг онцгой хэрэгцээт импортын хүнсийг зургаадугаар сарын 30 хүртэл гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Ирэх хаврын чуулганаар уг асуудлыг шийдэх хүртэл одоо оруулж ирээд буй хүнсний татварыг хоёр сараар хойшлуулах чиглэл барьж байна.

Хүнсний хангамж тасалдахгүй, тиймээс иргэд хиймэл хомсдол үүсгэж үнэ хөөргөдөхгүй байхад анхаарах учиртай. Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг хэмнэлттэй ашиглах горимд шилжих шаардлагатай байна” гэлээ.