Берлин Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирснээс 5 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өчигдөр оройны 23:00 цаг хүртэлх хугацаанд нийтдээ 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 476 иргэн ажиглалтад байна. 256 тохиолдлыг сэжигтэй гэж авч үзэн хяналт, шинжилгээ хийсэн. Алтанбулагийн хилээр орж ирсэн 3 тохиолдол бий. Итали, Тайландаар зорчсон халуурсан гэсэн нийт 3 иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.

Өнөөдөр өглөө Берлин Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирсэн. Эндээс 17 тохиолдлыг ажиглалтад авсан. Үүнээс  5 тохиолдол нь ХӨСҮТ тусгаарлан, 12 нь Бага баян амралтад ажиглалтад авсан.

Бид иргэддээ стресс, бухимдлыг хэрхэн арилгах, айдсаа яаж даван туулах вэ гэдэг зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас нийтдээ 560 кг ачаа бүхий хамгаалах хэрэгслийг авсан. Мөн сургагч багш нараа бэлдэж байгаа.

Уул уурхайн чиглэлээр хилээр гарах үйл ажиллагаанд аж ахуйн нэгж амны хаалтаар ханган эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Алтанбулагийн боомт дээр ажиллаж байгаа манай баг иргэдийг Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт бэлдсэн тусгаарлах байр руу шилжүүлж байгаа.

Бид Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдээ бүгдийг хүлээж аваад зөвлөгөө өгөн шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д тусгаарлана. Ажиглалтад байх шаардлагатай бол тусгай бэлдсэн сургалтын байрууддаа авч байгаа.  Буцааж явуулдаггүй. Анхнаасаа онгоцонд суухаас нь эхлэн сэжигтэй тохиолдолд суулгахгүй байх зөвлөгөө өгч байгаа. Түүнээс биш ороод ирсэн хүнийг буцааж байгаа тохиолдол байхгүй.

Өнөөдөр ирсэн хоёр хүний биеийн байдал хэвийн, халуурсан, ханиалгасан зовуурьтай байгаа учраас ХӨСҮТ тусгаарлан тандалт, оношилгоо хийж байгаа ” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин өчигдөр ажиглалтад ХӨСҮТ-д 5 хүн, Дархан-Уул аймагт 3 нийт 8 хүнийг ажиглалтад авсан” гэлээ.