Хуурайшилттай үед түймрийн аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

Цаг үеийн асуудлаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ.

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцорын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд  зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 200 гаруй албан хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой зөрчил илэрээгүй, шалган нэвтрүүлэх товчоодод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо. Тэрбээр “Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодод 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагад хүлээцтэй хандаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаад талархаж байна” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаад талархаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд зөвлөмж мэдээллийг дагаж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна” хэмээн хэллээ.