Б.Осоргарав: “Эх орны төлөө” аянаар цугларсан 153.1 сая төгрөг, 10 адууг COVID-19-ийн эсрэг арга хэмжээнд хандивлана

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эх орны төлөө” аянаар цугларсан мөнгийг коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээнд зориулж хандив болгон өгч байгаа аж.

Энэ тухай Гавьяат эдийн засагч Б.Осоргарав хэлэхдээ “Хэдэн жилийн өмнө Монгол Улс гадаадын зээл, өрөнд баригдаж дефолт зарлах дээрээ тулсан 2016 оны эцэст иргэн миний бие Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хөдөлгөөнийг санаачлан бүгдээрээ “Эх орныхоо төлөө” гэсэн уриан дор хандивын аян өрнүүлж байсан.

Тухайн үед би өөрийн зүгээс 10 сая төгрөг, ногттой 10 адуу, алтан бөгжөө эх орныхоо төлөө хандивласан юм.

Эх орны сангийн авдар хоосорч, цаг хугацаа тулгамдсан, Гадаад өрийг төлөх мөнгөгүй болсон тэр үед “Эх орныхоо төлөө” хандив цуглуулах уриалга гаргасныг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжихээ илэрхийлж байв.

Миний санаачилгыг үнэхээр дэмжээд байна гэж бодтол маргааш нь иргэдээс цугларсан мөнгийг эрүүл мэнд, боловсрол болон нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэлд зарцуулна гээд зарлачихсан.

Тухайн үед хандивын аянаар Евро бондын өр болох 580 сая долларыг цуглуулж, дахин өр тавихгүйгээр төлөх боломж байсан ч түүний болчимгүй үгнээс болж тэгж чадалгүйд би одоог хүртэл харамсаж явдаг.

Гэхдээ аяны хүрээнд хоёр сарын хугацаанд Монгол Улсын Сангийн Яамны Төрийн сан банкны дансанд цугласан 153,072,960 төгрөг одоог хүртэл бий.

Хандивын аяны хүрээнд цугларсан энэхүү 153.1 сая төгрөгийг, дэлхийг цочроосон аюулт өвчин болох коронавирусийн эсрэг аянд нэгдэж Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн Яам, Онцгой байдлын Ерөнхий газарт хүлээлгэж өгөхийг хүсэж байна.

Мөн 2017 оны эхэнд эх орныхоо эдийн засгийн хямрал, гадаад өр зээлийг төлөхөд зориулж хандивлаж байсан ногттой арван адууныхаа 5-ыг нь БНХАУ-ын ард түмэнд, 5-ыг нь БНСУ-ын ард түмэнд хандивлаж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Ард түмний хандиваар цугларсан энэхүү 153.1 сая төгрөгийг Улсын онцгой комисст шилжүүлж өгөхийг хүссэн өргөдлийг би хоёр хоногийн өмнө Сангийн Яаманд өгсөн” хэмээн онцлов.