Д.Сумъяабазар: Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасраад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын талаар УУХҮ-ийн сайд танилцуулга хийсэн байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас хэвлэлийнхэн цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Урд хөрш рүү нүүрс тээвэрлэлт хийхээр хил нээж байгаа. Халдваргүйжүүлэлт, эрүүл ахуй талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?

-Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод өөрийн биеэр ажиллана. Нүүрс тээвэрлэлтийн талаар Хятадын талтай ярилцана. Маргааш, нөгөөдрөөс явахаар бэлтгэл ажил хангаж байна. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл хүргүүлсэн. 

-Квотыг хэрхэн тогтоох вэ?

-Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг хүчин чадлаас хамааруулж квот тогтооно. 

-Улсын төсөв хэдэн төгрөгөөр тасалдаж байгаа вэ. Төсөвт тодотгол хийх үү?

-Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан гэсэн тооцоо бий. Төсөвт тодотгол хийх эсэх нь одоогоор тодорхой бус байна. Сангийн сайдын хувьд төсөвт тодотгол хийхгүй байх байр суурьтай байсан.

-Тавантолгой компанийг хувьчлах гэж байгаа тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд мэдээлсэн. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ? 

-2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд УИХ-ын дарга байхдаа МCS, Шинхуа групптэй хамтарч Тавантолгой төслийг явуулах гэж байсныг зогсоосон. Тухайн үед УИХ-ын даргын хувьд чухал шийдвэр гаргаж, цуцлуулсан нь сайшаалтай. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаас Тавантолгойн бүлэг ордыг хэрхэх вэ гэдэг асуудлаар салбарын сайдын хувьд санал оруул гэсэн. Бид олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгох нь зөв гэж үзсэн. Улмаар ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаадын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Бид том төслийн талаар нууж хаасан зүйл байхгүй. Харамсалтай нь, УИХ-ын сонгуулийн улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улстөржөөрэй гэж хэлье. Энд аль нэг намын эрх ашгаас илүү монголчуудын эрх ашиг тэргүүнд явах ёстой. Мэдээж улс төр гэдгийг нь ойлгож байгаа. Гэхдээ тоглоом тоотой нь дээр. 

Олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө босгоно гэдэг өндөр хяналттай. Цаашид эдийн засгийн эргэлтэд оруулснаар хөгжих боломжтой. Ингэж чадвал өнөөдрийн өгч байгаа 97 мянган төгрөгийн ногдол ашгийг 10 дахин нэмэх боломж бий. Түүнээс биш энэ ордыг хоёр хүн нийлээд худалдчихдаг юм биш. Монголын төрийн бүх хяналт, механизмаар ороод, шийдвэрээ гаргаад явж байгаа. 

-Та энэ асуудлаар шүүхэд хандсан гэсэн үү?

-С.Эрдэнээ гуай намайг олон гүтгэж байна. Аль болох л хүлээцтэй хандаж, буруу зөрүү ойлгосон байх вий гэж явлаа. Хоёр жил гаруйн хугацаанд намайг янз бүрийн байдлаар гүтгэлээ. Хэмжээ хязгаар гэж байна шүү дээ. Сонгууль дөхөхөөр үүнийг хөөрөгддөг хүмүүс байна. Би гүтгүүлчихлээ гэж уурласан зүйл байхгүй. Нийгэмд “Тайлбар өгөхгүй байна. Үнэн юм байна” гэсэн ойлголт гараад байна. Тиймээс өчигдөр шүүхэд хандсан.

-Оюутолгойн ордын үр өгөөжийг нэмэгдүүлэх ажил ямар шаттай байгаа вэ. “Рио тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан уу? 

-Л.Оюун-Эрдэнэ дарга ажлын хэсгийг ахалж байгаа. Сайд нар өөрт холбоотой асуудлыг хариуцаж байгаа. Гэхдээ нарийвчилж суугаагүй. Оюутолгойн гэрээг сайжруулж, Монголд үр өгөөжийг нь авчрах зайлшгүй шаардлага бий.