Коронавирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 улсад "COVID 19" бүртгэгдсэн. Шинэ халдвар нэмж есөн оронд бүртгэгдсэн байна. 

БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна.

Манай улсын хувьд 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д  327 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 78,894 болсон.

БНХАУ-аас гадна 3,664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248, Италид 650 болж, Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан.

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 2,022 болж, 13 хүн нас барсан. 

ДЭМБ-ын ерөнхий захирлын хэлэхдээ "Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой.

Ямар ч орон манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй. Улс орон бүр вирусийг оруулахгүй байх, орж ирсэн нөхцөлд авах арга хэмжээгээ мэдэж байх ёстой" гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ХӨСҮТ-д ДЭМБ-аас Ази, Номхон далайн орнуудтай хийдэг долоо хоног бүр хийдэг видео хурал болно. Үүнд улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар оролцох бөгөөд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэхүү хуралд оролцох юм.

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байгаа юм.

Олон мянган хүний амь насыг авч одсон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлеө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах хувцас хэрэгсэл авахад зориулж иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өгснийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

Хандиваа гардуулан өгөх үеэрээ иргэн Д.Доржпүрэв "Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна.

Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Тиймээс галын шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа.

Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё гэдгээ ЭМЯ-ны удирдлагуудад хэлсэн. Хариуцлагатаи цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр засгаас гаргасан шийдвэрээ ягштал мөрдөж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгахыг уриалж байна" хэмээн хэлжээ.