Хонг Конгийн захиргаа бүх иргэндээ тус бүр 1,200 ам.доллар тараана

Бослого үймээн, коронавирусийн тархалтын улмаас туйлдаад байгаа эдийн засгаа аврахын тулд Хонг Конгийн засаг захиргаа насанд хүрсэн бүх иргэндээ тус бүр $1,200 орчмыг тараахаар болжээ.

Уг арга хэмжээнд нийт 120 тэрбум хонг конг доллар ($15.4 тэрбум) зарцуулах бөгөөд 18-аас дээш насны иргэн бүрт 10,000 ($1,280) орчим оногдох юм.

Нийтдээ Хонг Конг хотын байнгын оршин суугч долоон сая орчим хүн хамрагдахаар болжээ.

2019 оны гуравдугаар улирлаас эхэлсэн санхүүгийн хямралын улмаас тус хот сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа төсвийн алдагдалд орсныг сангийн сайд Пол Чан өчигдөр мэдэгдсэн байна.

Нөхцөл байдал цаашид улам муудаж, 2021 оны санхүүгийн жил дуусахад Хонг Конгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4.8 хувиар буурах төлөвтэй байгааг тэр бас анхааруулжээ.

Бослого тэмцлийн улмаас эдийн засаг нь өнгөрсөн онд 1.2 хувиар агшсан бол одоо шинэ коронавирусийн гамшиг тус хотын санхүүгийн нөхцөл байдлыг улам доройтуулахаар байгаа юм.

Бэлэн мөнгө тараахаас гадна Хонг Конгийн эрх баригчид хоёр сая орчим иргэнийхээ татварыг хөнгөлөх, бага орлоготой иргэдийн байрны нэг сарын түрээсийн төлбөрийг чөлөөлөх, амжиргааны түвшин доогуур 200,000 өрхөд нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ.