Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост халдварын 334 шинэ тохиолдол бүртгэгджээ

Өчигдөр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 334 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их тоо болоод байна.

Тус улсад илэрсэн халдварын нийт тоо өнөөдрийн байдлаар 1,595 болж нэмэгджээ. Өнөөдөр өглөө Дэгү хотын шашны байгууллагын гишүүн 74 настай иргэн нас барснаар тус улсын нийт эндэгдлийн тоог 13 болгосон байна.

Өмнөд Солонгост илэрсэн Covid-19 вирусийн халдварын нийт тохиолдлын бараг тал нь Дэгү хот дахь Есүсийн Шинчёнжи сүмтэй холбоотой юм. Өчигдрийн 334 тохиолдлын 307 нь Дэгү хот, түүнтэй зэргэлдээ мужаас илэрсэн байна.

Сөүл хотод зургаан тохиолдол бүртгэгдсэн нь бусад хот, бүс нутгуудаас илэрсэн хамгийн их тоо болжээ. Өмнөд Солонгосын хамгийн том хотууд болох Сөүл, Бусанд нийт халдварын тоо тус бүр 55, 58 болж нэмэгдсэн нь коронавирусийн тахал илүү олон нийтийг хамрах аюултай болж байгааг харуулж байна.

Өнөөдөр өглөөний байдлаар Covid-19 вирусийн халдвар авсан хүмүүсээс 24 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилсан Сэргийлэх төв мэдээлжээ.