УОК: Монгол, БНСУ, Япон чиглэлд хийх нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцаллаа

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.  

Тэрээр “Кронавирусийн тархалт дэлхий нийтийг цочроон тархаж байна. БНХАУ-ын дараагаар хамгийн их анхаарал татаж байгаа улс БНСУ байна. Өнөөдөр өглөөний мэдээгээр 1146 хүн халдвар авч, 11 хүн нас барсан гэдэг мэдээтэй байна. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүн тогтоогдоогүй ч тайвшрах зүйл огтхон ч алга гэж үзэж байгаа.

Үүнтэй холбоотойгоор УОК-ийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргасан.

Нэгдүгээрт улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл сунгаж холбогдох зохион байгуулалтын аргa хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даaлгаж байна.

Монгол Улс БНСУ-ын хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 11-ны өдрийг дуустал сунгах, Монгол Улс Япон Улс хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоохыг ЗТХ-ийн сайдад даалгаж байна.

Төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдөр дуустал зогсоох арга хэмжээ авахыг холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

БНСУ-ын болон тус улсаар дамжин ирж байгаа зорчигчдыг 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал нэвтрүүлэхгүй байхыг ГХ-ийн сайд, ГИХГ-т даалгалаа.  

Коронавирусийн талаар санаатай болон санамсаргүйгээр худал ташаа мэдээлэл түгээсэн, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн аяллын түүх, эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдээлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан, төрийн болон мэргэжлийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй иргэн албан байгууллага, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгч байна.

БНСУ-д байгаа иргэд бусад маршрутаар буюу Турк, ОХУ-аар дамжиж ирж байгаа тохиолдолд тэдгээр иргэдийг заавал 14 хоног тусгаарлалтад байлгах шийдвэр гаргалаа.

Маргааш Сангийн сайд Засгийн газар хуралдан жичдээ иргэд байгууллагуудад учирч байгаа санхүүгийн хохирлын талаар ярилцана. Өнөөдөр бидний хамгийн гол барьж байгаа зүйл бол иргэдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх асуудал. Ингэхдээ эдийн засгийн асуудлыг орхигдуулахгүй жичдээ ярина.

Хөл хорио үргэлжилнэ. Иргэд шалтаг хэлээд байвал үүнийг зохицуулахад маш хүнд болно” гэв.