Өндөр нь ялдаг зүй тогтол давтагдвал Д.Трамп хоёр дахь  удаагаа ерөнхийлөгч болно

2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализ нийтлэлээс та бүхэнд толилуулж байна.

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэлж Д.Трамптай өрсөлдөх Ардчилсан намын нэр дэвшигчдийн сунгаа ид явагдаж байгаатай холбогдон судлаачдын дунд нэгэн маргаан, таамаг өрнөсөн нь нэр дэвшигчдийн биеийн өндөр юм. Америк маягийн улс төрийн нэгэн сонин зүй тогтол бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялж ирсэн явдал юм.

1789 оноос хойш 57 удаа ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас 46 удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн аль өндөр нь ялсан байдаг.  Мөн 1965 онд 1888-1960 оны хооронд явагдсан сонгуулиудад бүх намхан нэр дэвшигч нь ялагдаж байжээ.

            Судлаач Шмитц 1789-2008 оны хоорондох бүх л ерөнхийлөгчийн сонгуулийн тоон мэдээнд үндэслэн хоёр нэр дэвшигчийн өндөр нь ялж ирсэн тохиолдол 58 хувь байна гэж үзсэн байдаг. Мөн судлаач Маккэн нийгэм, эдийн засгийн болон бусад хямралт нөхцөл байдлын үед явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиудад ялагч нь ямагт өндөр нэр дэвшигч байсныг илрүүлжээ.

Тийм учраас өнөөдөр АН-аас нэр дэвшин өрсөлдөх гэж буй хүмүүсийн биеийн өндөр хэд болох нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Олны дундах рейтингийн судалгаагаар эхний тавд явж буй нэр дэвшигчдийн өндрийг авч үзье.

Жо Байден 183 см, Берни Сандерс 183 см, Элизабет Воррен 173 см, Пит Буттижиж 173 см, Майкл Блүүмберг 173 см өндөртэй байгаа юм. Харин ерөнхийлөгч Дональд Трамп 190 см өндөртэй.  Үүнээс харахад Америкийн сонгуулийн 200 жилийн түүхэн уламжлал болох өндөр нь ялдаг зүй тогтол давтагдана гэж үзвэл Америкийн АН-аас хэн ч Трампыг ялах боломжгүй байгаа юм.

Сүүлийн үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн жишээнээс харахад Трамп Хиллари Клинтоноос, Барак Обама Жон Мккайнаас өндөр байсан. Жон Кеннеди бас Ричард Никсоноос өндөр байсан юм. Америкийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд ерөнхийлөгчийн алба хашсан Франклин Рузвельт 188 см байсан юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд дунджаас өндөр нуруутай байх ёстой

            Америкийн 44 ерөнхийлөгчөөс Жеймс Медисон, Бенжамин Харрисон, Мартин Ван Бурен, Вилльям Мккенли, Жон Адамс, Жон Күйнси Адамс, Захари Тейлор нарын долоон ерөнхийлөгч л нэг цаг үед төрсөн америк эрчүүдийн дундаж өндрөөс намхан байгаа юм. Харин бусад ерөнхийлөгч нар өөрийн үеийнхэн дотроос дунджаар 7.23 см өндөр хүмүүс байгаа юм. АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр ерөнхийлөгч болох Авраам Линкольн, Линдон Жонсон нар 193 см байсан бөгөөд өөрийн үеийн эрчүүдийн дундаж өндрөөс 23-25 см өндөр байсан ажээ. Иймээс ерөнхийлөгч нар ихэнхдээ дунджаас дээгүүр өндөртэй хүмүүс байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

            Мөн бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь сонгуульд ялагдсан нэр дэвшигчдийн хувьд ч дунджаас дээгүүр өндөртэй байгаа юм. Сонгуульд ялагдсан нэр дэвшигчид нэг цаг үед төрсөн эрчүүдээс дунджаар 6.95 см өндөр байна.

            Эндээс үзэхэд Америкт ерөнхийлөгч болох, эсвэл ядаж ерөнхийлөгчид нэр дэвшигч болохын тулд дунджаас дээгүүр өндөр байх ёстой зүй тогтол харагдаж байгаа юм.

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ба нэр дэвшигчийн биеийн өндөр хоёр шууд хамааралтай

Тодруулж хэлбэл өрсөлдөгчөөсөө өндөр нэр дэвшигч нь сонгуульд ялах магадлалтай гэсэн үг. Мөн олон нийтийн санал (popular vote)-ийг өндөр нэр дэвшигч нь илүү авдаг байна.

            Харин өрсөлдөгчөөсөө намхан нэр дэвшигч сонгуульд ялсан дөрөвхөн тохиолдолд уг нэр дэвшигч зөвхөн сонгогчдын коллегийн саналаар ялсан байдаг бөгөөд олон нийтийн саналын хувьд өрсөлдөгч нь илүү санал авсан байдаг. Үүний жишээ бол 2000 оны сонгуульд бага Жорж Буш ялсан явдал юм. Жорж Буш 182 см өндөртэй бол түүний өрсөлдөгч Аль Гор 187 см өндөр байсан бөгөөд олон нийтийн саналаар 48,4 хувийн санал авсан бол Жорж Буш 47, 9 хувийн санал авч байжээ. Харин сонгогчдын коллегийн 271 саналаар Жорж Буш ялалт байгуулсан бол Аль Гор 266 санал авч ялагдсан юм.

            Мөн хоёр дахь удаагаа албан тушаалд улиран сонгогдсон ерөнхийлөгч нарын биеийн өндөр дахин сонгогдож чадаагүй ерөнхийлөгч нарынхаас 5,5 см өндөр байна.

Америкчууд өндөр ерөнхийлөгчид дуртай

            Америкийн 56 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас ердөө 9 сонгуульд л нэр дэвшигчдийн намхан нь ялсан байдаг. Энэ талаарх сүүл үеийн баримтаас дурьдвал 2000 оны сонгуульд 182 см өндөртэй Жорж Буш өөрөөс нь 5 см өндөр Аль Горыг, 2004 оны сонгуульд мөн Жорж Буш 193 см өндөр Жон Керриг тус тус ялсан  бол 2012 оны сонгуульд 185 см өндөртэй Барак Обама 188 см өндөр Митт Ромниг ялсан билээ.

            Эдгээр цөөн тохиолдлоос бусад бүх сонгуульд хоёр нэр дэвшигчийн өндөр нь л ялж ирсэн юм. Тийм учраас Америкийн судлаачид Ерөнхийлөгчийн биеийн өндөр ба олон нийтийн дэмжлэг хоёр шууд хамааралтай гэж дүгнэдэг байна.

            Америкт хийгдсэн олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгүүдээс үзэхэд намхан ерөнхийлөгчтэй харьцуулахад өндөр ерөнхийлөгчийг илүү мундаг сүр жавхлантай гэх хандлага түгээмэл байгаа юм. Америкийн олон нийт өндөр ерөнхийлөгчийг илүү сайн удирдагч, харилцааны ур чадвар сайтай, бодлогын хувьд ч мундаг улс төрч гэж үздэг байна. “Leadership Quarterly” сэтгүүлд гарсан судалгааны өгүүлэлд “Өндөр нэр дэвшигчийн давуу тал нь өндөр хүнийг аугаа, удирдан манлайлах чадвар болон харилцааны чадвар сайн гэж олон нийт үздэг явдал юм” гэсэн байдаг.

Америкийн иргэдийн дунд ерөнхийлөгч залуухан, эрүүл чийрэг, спортлог, хүчтэй, өндөр хүн байх ёстой гэсэн хүлээлт түгээмэл байдгаас ерөнхийлөгч олон нийтийн энэхүү хүлээлтэнд тохирсон дүр төрх бүрдүүлэхийг хичээж ирсэн билээ. Трампын хувьд өндөр гэдгээ ямагт харуулахаас гадна өөрөөс нь намхан улс төрчдөд таагүй ханддагаа ямагт илэрхийлж ирсэн.

Жишээ нь тэрбээр 2016 оны сонгуулиар БНН-ынхаа дотоод сунгаанд өөртэй нь өрсөлдсөн сенатч Марко Рубиог мэтгэлцээнүүдийн үед “жижиг Марко” гэж удаа дараа шоолж байсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Нью Йоркийн захирагч асан Майкл Блуумбергийг “Жижиг Майкл ялагдана” гэж хэлснийг Америкийн хэвлэлүүд мэдээлсэн.

Ийнхүү Америк маягийн улс төрийн өвөрмөц шинж болох нэр дэвшигчдийн аль өндөр нь ялдаг зүй тогтол энэ удаа давтагдвал Дональд Трамп 2020 оны сонгуульд ялж хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болохоор байна.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг