БНСУ-д сүмд залбирал үйлдсэн эмэгтэй 10 хүнд коронавирусийн халдвар тараажээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ 170 гаруй сэжигтэй тохиолдолд тандалт, судалгаа хийсэн аж.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “1812 хүн эмнэлгээс эмчлэгдэж гарсан. Бидний хамгийн их зорчдог БНСУ, Япон, Сингапур зэрэг оронд өнгөрсөн 24 цагийн хугацаанд өвчлөл нэлээд нэмэгдлээ. Ялангуяа БНСУ-д сүмд залбирал үйлдэж байгаа нэг эмэгтэй өөрөөсөө гадна 10 хүнд халдвар тараасан байна. Тиймээс хүн амын нягтрал бөөгнөрлийг багасгах хэрэгтэй гэж байнга зөвлөж байгаа. Тиймээс битүү орчинд олон хүн бөөгнөрөх нь эрсдэл дагуулж байгааг анхааруулж байна” гэв.  

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа  “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар COVID-19 халдварын нийт 75292 тохиолдол, БНХАУ-аас бусад улсад 1900 тохиолдол 5 нас баралт бүртгэгдсэн. Иранд нас баралтын хоёр тохиолдол гарсан. Хятад улсад шинэ тохиолдлын тоо багасч байгаа ч бусад улсуудад тархал зүйн холбогдолгүй, халдвар дамжсан тохиолдлын тоо ихсэж байна. Хэдийгээр шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч тогтвортой буурна гэж үзэхэд эрт, нөхцөл байдал авч байгаа арга хэмжээнээс болж яаж ч эргэж болохоор байна. COVID-19 халдварын 14 хувьд хүнд хэлбэр буюу уушгины хатгалгаа үүсэж байна. Өвчтөний 5 орчим хувьд амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал зэрэг хүндрэл гарч байгаа. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж байгаа бөгөөд энэ эрсдэл нас ахих тусам өндөр байна. Харин хүүхдүүдэд энэ халдвар цөөн бүртгэгдсэн. Үүнийг тайлбарлахаар судалгаа шинжилгээ хийж байгаа.

Олон улсад гарсан тохиолдлуудыг харахад хүн олноор цугларсан газарт халдвар дамжих эрсдэл их байгаа нь харагдаж байна” гэлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс "Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, тоног төхөөрөмжийг бэлэн байлгахаар ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа.

Эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаагаас гадна ДЭМБ бусад олон улсын байгууллага, иргэд, ААН-үүд хандив, тусламж өгсөөр байна" гэдгийг мэдээлэв.

ХӨСҮТ-д байдал ямар байгаа талаар Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр “Одоогоор Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад байна. Мөн Гашуунсухайт боомтод 12 хүн тусгаарлагдсан. 15 хүн ажиглалтад байгаа. Бүгдийнх нь байдал хэвийн байгаа. Өчигдөр Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Энэ тохиолдол нь хоёрдугаар сарын 6-12-нд Гашуунсухайтаар БНХАУ руу гарсан. 12-нд эргэж ирэн 13-нп Завхан аймагт очиж, өчигдөр халуурсан, хатгаатай гэж мэдээлэл ирэн тусгаарласан. Түүний хамт автобусаар зорчсон 40 гаруй хүний мэдээллийн дагуу ажиглалтад авч,  гэртээ биеэ хянах талаар зөвлөмж өгсөн. ХӨСҮТ-д өчигдөр Тяньжинд сурдаг нэг оюутныг тусгаарласан. Тэрээр энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирэн 19-нд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн учраас манайд хандсан

Замын-Үүдэд 103 тохиолдолд зөвлөмж өгөн 3 зочид буудлыг суллан байршуулж, эрүүл мэндийг нь хянаж байгаа. Иргэдийн биеийн байдалд өөрчлөлт ороогүй хэвийн байна. Сэжигтэй тохиолдлыг бид хүний эрхийг зөрчих хэмжээнд байлгахгүй” гэв.