Монголд коронавирус илрээгүй ч эрсдэлийн зэрэг өндөр хэвээр байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар Азийн 12 оронд гарсан. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Солонгос, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна. Өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байгаа учраас иргэд анхаарлаа сулруулж болохгүй” гэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа  “Хоёрдугаар сарын 19-ны 10:00 цагийн байдлаар COVID-19 халдварын нийт 75182 тохиолдол 2009 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдэж, Филиппин, Япон, Франц улсад тус бүр нэг хүн нас барсан. Хятадын өвчин судлалын төв арванхоёрдугаар сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хийсэн том судалгааны үр дүнгээр тохиолдлын 81 хувь нь хөнгөн явцтай, 14 хувь нь хүнд явцтай, 5 хувь нь маш хүнд, нэн хүнд гэсэн өвчтөнүүд байна. Нас баралт 2.3 хувьтай.

Хоёрдугаар сарын 11-ны байдлаар БНХАУ-д нийтдээ 3019 эрүүл мэндийн ажилтанд COVID-19 халдвар бүртгэгдсэнээс 1716 нь лабораториор батлагдсан,  нийт ажилтны 14.6 хувь нь маш хүнд байсан. Нас баралтын хувь нь 0.3 хувьтай байсан.

БНХАУ-д эмчилгээ, эмнэл зүйн чиглэлээр одоогоор 80 гаруй туршилт судалгаа эхлээд байгаа. Үүнд ХДХВ-ын эм, уламжлалт эм, дааврын эм, хумхаагимйн эсрэг эм, үүдэл эсийн эмчилгээ, коронавирусийн эсрэг үйлчлэх олон төрлийн шинэ эмийн туршилтууд орж байгаа.

Эхний үр дүн 2020 оны дөрөвдүгээр сард гарна” гэв.

Өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдол, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдол, нийт 5 тохиолдлын шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Одоогоор тусгаарлагдсан хүн байхгүй” гэв.

Түүнчлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрсдэл өндөр байна гэж дүгнэлээ.

Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана" хэмээх мэдээллийг өглөө.