Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй

Сар шинийн баяраар айл хэсэж, золголт хийж буй иргэдийг дроноор хянах тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл албаны эх сурвалжууд сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэдгийг хэлэв. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч, иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар ярьсан. Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

Улмаар нийслэийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс  дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.