ДЭМБ: Судлаачид “COVID-19”-ын нууц үеийн хугацаа 1-12.5 хоног гэж тогтоов

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа  “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 17-ны 10:00 цагийн байдлаар COVID-19 халдварын нийт 71269 тохиолдол 1773 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 25 улсад 695 тохиолдол 3 нас баралт бүртгэгдээд байна.

Хоёрдугаар сарын 13-н хүртэл БНХАУ-д 46550 лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлж байсан. Хоёрдугаар сарын 13-нд мэдээлэл тохиолдлын тохиргоондоо өөрчлөлт оруулж, эмнэл зүйн үзлэгээр батлагдсан тохиолдлыг нэмж оруулсан. Халдвар хүн амын дунд тархаад ирэхээр тохиолдол бүрийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагагүй болдог. Лабораторийн шинжилгээгээр оношийг тодруулах зорилгоор биш тандалтын зорилгоор хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 14-нд нийтдээ 16420 шинэ тохиолдол мэдээлсэн. Ингэснээр өвчтөнүүд заавал шинжилгээний хариу хүлээхгүйгээр эмчилгээгээ хурдан эхлүүлэх боломж бүрдэж байгаа.

Агаар дуслын зам эрүүл мэндийн ажилчдын дунд, гэр бүл, ойрын хавтлуудад халдвар дамжиж байгаа гол зам хэвээр байна. Өтгөнд генетикийн шинжилгээг илрүүлсэн боловч яг амьд вирусийг ялгаж авч чадаагүй байгаа учраас өтгөн мөрийн зам халдвар дамжуулдаг гэж үзэхгүй байгаа.

Найман судлаачийн хийсэн судалгаагаар нууц үеийн хугацаа 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр болж байгаа” гэв.