ЭМЯ: Хятадаас ирэх монгол иргэдийг 14 хоногт тусгаарлана

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНХАУ-д коронавирусийн өвчлөл 3977 тохиолдлоор нэмэгдсэн. Нас баралт 120 тохиолдлоор нэмэгдэн 1194 хүн эдгэрч гарсан.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж  "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон”

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  “БНХАУ-д одоо байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь авчрах асуудлыг ГХЯ-нд хариуцуулсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д Монгол Улсын 400 орчим иргэн байна. Гэхдээ эдгээр иргэд хэрвээ эх орондоо ирэх хүсэлт гаргавал зохих байгууллагуудаар дамжуулан зохион байгуулалттай ажил хийнэ. Өнөөдрийн байдлаар Эрээн, Хөх хот орчимд эх орондоо буцахаар галт тэрэгний тасалбар авч хүлээж байсан 50 орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид тэнд байгаа иргэдээ мэдээлэл өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд Эрээн Хөх хотод байгаа иргэдээ авчирна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Хятадаас ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлана.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-эд хоёр, Дорноговь аймагт нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирус илрээгүй.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Түүнчлэн өчигдөр Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутан ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найм, Архангай аймагт нэг хүн нийт есөн хүн тусгаарлагдан хянагдаж байна.

Оюутнуудад давтан шинжилгээ хийсэн илрээгүй. Эдгээр оюутнуудын 14 хоног маргааш дуусна. Тэднийг хоёр удаагийн шинжилгээгээр эрүүл гарч, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учраас эмч нар хуралдан маргааш гаргахаар болсон” гэлээ.