Х.Бадамсүрэн: Технологийн шинэчлэлд 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн машин механизмийн парк шинэчлэлийн хүрээнд энэ жил 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтын үр дүнд уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн экскаватор хоёр ширхэг, зам овоолгын хэсэгт автогритр, гинжит түрэгч, жижиг оврын экскаватор тус бүр шинээр ажилд гаргасан байна.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийнхээ бүх шат дамжлагыг боловсронгуй болгох чиглэлээр нийтдээ 420 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Бид улс орныхоо цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж бүтээн байгуулалтынхаа ажлыг 2019 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Үндсэндээ техник технологиудыг угсрах ажил өндөрлөж өнөөдөр албан ёсоор хүлээж авч байна. Ил уурхайн үйлдвэрлэлд зориулагдсан экскаватор, бульдозерууд, зам овоолгод ашиглагдах техникүүд, мэдээж технологийн тээврийн белаз машинуудаа ашиглалтад хүлээж авлаа.

    Энэ техникүүд ашиглалтад орсноор үйлдвэрлэлийг найдвартай, тасралтгүй явуулах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал алхам болно. Бидний эцсийн зорилго бол хүний төлөө. Тиймээс техник тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа ажилчдын маань ажиллах нөхцөл сайжирч байгаа. Бүтээмж өндөр байхаар цалин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Энэ бүхнийхээ үр дүнд бид ил уурхайгаас олборлоод боловсруулах хүдрийн хэмжээ түүхэндээ хамгийн өндөр буюу 32 сая тоннд хүрлээ. Улс орон нутгийн төсөвт оруулж байгаа төсвийг 900 тэрбум төгрөг давууллаа” хэмээлээ.