Цагаан сартай холбоотой үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгааг хориглоно

Улсын онцгой комисс уржигдар хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан юм. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна" гэсэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч цагаан сарын баяртай холбоотой зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн. Төслийг Засгийн газар хэлэлцэж, Цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах зэрэг агуулга бүхий Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжжээ. 

Харин Засгийн газраас Цагаан сар тэмдэглэхийг шууд хориглох нь хуулийн хүрээнд хүндрэлтэй аж. Учир нь, Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар гурван хоногт хэлэлцэн олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар тэмдэглэхийг хориглох юм байна.