Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг танилцууллаа

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан тодорхой цаг хугацаатай ажлуудыг зохион байгуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо баталдаг. Тиймээс УИХ-ын сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг хуанлийн тоололд шилжүүлэн баталжээ.

Ингээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваариас онцлох хэсгийг түүвэрлэн хүргэе. 

Гуравдугаар сарын 1-нээс өмнө

-Сонгуулийн хэсэг байгуулах: Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

-Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох: Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах: Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө

-Нам, эвслийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрх: Хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. Сонгуульд намууд эвсэл байгуулан оролцож болно. Эвсэлд нэгдсэн бүх нам хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө

-Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх: Нам, эвсэл Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд ирүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 29-ний дотор

-Нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах: СЕХ сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Тавдугаар сарын 10-16-ныг дуустал

-Нэр дэвшүүлэх ажиллагаа: Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Тавдугаар сарын 19-ний дотор

-Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх: Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоног багтаан нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.

Тавдугаар сарын 20-ны дотор

-Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх: АТГ нь нэр дэвшигчид хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор СЕХ-нд лавлагаа хүргүүлнэ.

Тавдугаар сарын 21-ний дотор

-Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх: Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Хүлээн авснаас тав хоногийн дотор

-Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх: СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Тавдугаар сарын 30-наас өмнө

-Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлт уламжлах, өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх: Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.

Зургадугаар сарын 2-ноос өмнө

-Дахин бүртгүүлэх хүсэлт гаргасан, нөхөн нэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх: СЕХ дахин бүртгүүлэх болон нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авч, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Зургадугаар сарын 2

-Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх: Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

Зургадугаар сарын 2-ноос эхлэн зургадугаар сарын 23-ны 00:00 цагаас өмнө

-Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох: Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Зургадугаар сарын 24-ний 07:00 цагаас 22:00 цаг

-Санал авах өдөр, цаг: Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

Долдугаар сарын 9-ний дотор

-УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх: СЕХ нь сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.