Ши Жиньпин коронавирусийг эмчилж буй эмнэлэгт очжээ

Өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Бээжин хотын Дитан эмнэлэгт айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ. Амны хаалт зүүсэн Ши Жиньпин нийгмийн эрүүл мэндийн төвд айлчлах үеэрээ хамгийн түрүүнд халуунаа шалгуулжээ.

Энэ үеэр Ши Жиньпин халдвар анх гарсан Ухань хотын эмнэлгийн ажилтнуудтай дүрсээ харан ярилцсан аж. Тэрээр халдварт өвчинтэй тэмцэх “илүү шийдвэртэй арга хэмжээ” авахыг уриалав. Мөн "Бид эцэст нь энэхүү халдварт өвчний эсрэг тулаанд ялах болно гэдэгт итгэлтэй байх ёстой" гэж  хэлснийг иш татсан байна.

Өнөөдөр БНХАУ-д албан ёсны 42200 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэгдээд байна. Энэ нь 2002-2003 онд гарч 900 гаран хүний амимнд хүрсэн Сарсын дэгдэлтээс хойш тус улсад тулгарч байгаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой хямрал болоод байгаа юм. Үхлийн аюулт халдвар гарснаас хойш БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин олон нийтийн өмнө ховорхон үзэгдсэн. Улмаар ард иргэд нь түүнийг нөхцөл байдалтай биечлэн танилцахыг шаардаж тэр тусмаа Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч 34 настай Ли овогт коронавирусийн халдвараар өнгөрсөн долоо хоногт нас барснаар олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл нэмэгджээ.

Хубэй мужийн эрүүл мэндийн комиссоос даваа гарагт тус мужид 2097 шинэ тохиолдлыг бүртгэж, 2618-оор буурсан үзүүлэлт байна. Шинэ халдварын тоо өмнөх өдрөөс 20 хувиар буурсан байна. ДЭМБ-ын эрүүл мэндийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг даваа гаригт БНХАУ-д ирсэн.  Энэхүү ажлын хэсгийг 2014-2016 онуудад Баруун Африкт Эбола өвчний тархалтыг бууруулахад хамтран ажиллах  арга хэмжээг удирдсан Брюс Эйлвард ахлаж байгаа аж.