ЭМЯ: 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр коронавирусийг бусдад халдаах магадлалтай

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө

Д.Нарангэрэл: Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. 

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.

Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна. 

О.Ариунтуяа: Хятад, Япон, Малайз, Саудын Арабад шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа.

БНХАУ-аас гадна дэлхийн улс орнуудад 391 тохиолдол бүртгэгдэж байна. Тэдний ихэнх Хубэй мужид аялсан түүхтэй эсвэл оршин сууж байсан түүхтэй байсан. Харин сүүлийн үед Франц, Герман, АНУ, Вьеьнам, Сингапур, Испани, Тайланд, Солонгост Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. 

Үүнээс гадна Хятад, Япон, Малайз, Саудын Арабад шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан.

Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. 

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Вирусийн тархалт буурах шинж ажиглагдаж байна уу. Эм, эмчилгээний судалгааг ямар түвшинд байна вэ?

-ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирусийн халдварын тархалтын байдалд дүн шинжилгээ хийхэд дэгдэлт өндөр байна. Нас баралтын түвшин 2.2 хэвээр байна. Шинжилгээгээр тогтоогдсоноос гадна сэжигтэй тохиолдол хэдэн мянга бий. Энэ бол хэдхэн хоногт буурах төлөвтэй халдвар биш.

Өмнөх туршлагуудаас харахад вирусийн тархалт 2-4 сар үргэлжилж байсан. Шинэ коронавирусийн эмчилгээний тухайд өвөрмөц эмчилгээ байхгүй, эмнэлзүйн эмчилгээнүүдийг хийсээр байгаа. Тухайлбал, амьсгал дэмжих, хүчилтөрөгч өгөх гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. 

-Гадаадаас хандивлаж буй амны хаалтуудыг ямар хэлбэрээр тарааж байгаа вэ?

-ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Амны хаалт бол халдварт өвчнөөс хамгаалах найдвартай арга юм. Гадны улсуудад ажиллаж, суралцаж байгаа иргэдээс олон тооны амны хаалтыг хандивлаж байгаа. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан настнуудад тарааж байна.