Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор орж ирсэн 27 иргэнийг тусгаарлаад байна

Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт боомтын цаад тал буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Халиут гацаанд корона вирусийн халдвартай хоёр хүн бүртгэгдээд байгаа юм. Уг гацаа нь хилээс цаашаа 120км орчим зайтай. Иймд сумын онцгой комиссынхон боомт дээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хилээр гарч ирсэн 27 хүнийг Хайрхан багийн төв дээр тусгаарлаж байна. Энэхүү иргэдийн долоо нь бичиг баримтаа алга болгосон учраас хоёр улсын хэлэлцээрээр орж ирж байгаа аж. Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал хэлэхдээ "Хайрхан багийн төв дээр таван өрөөг тусгаарлах байр болгон тохижуулсан. Сумаас гурван эмч, цагдаа, онцгой байдлынхан сумын Засаг даргаар ахлуулан ажиллаж байна. Аймгаас сорьцын шинжилгээ авахаар холбогдох байгууллагынхан ирж байгаа. Өнөө шөнөдөө шинжилгээг Улаанбаатар хот руу явуулна. Одоогоор коронавирус илэрсэн юм байхгүй. Магадлал өндөртэй газраас орж ирж байгаа учир бид авах ёстой арга хэмжээгээ авч ажиллаж байна" гэлээ. Хилээр орж ирсэн хүмүүсийн зарим нь нүүрс тээврийн жолооч нар байгаа аж. Тэднээс сэжигтэй тохиолдол байхгүй байна.