НӨАТ-ын буцаалтыг олгож эхэллээ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдрөөс НӨАТ-ын буцаалтыг олгож эхэллээ. Нийтдээ 148 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаалт хэлбэрээр олгох юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын нийт дүнгийн хэмжээ 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийтдээ 912 мянган иргэн НӨАТ-ын буцаалт авах юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 115 мянга орчим хүнээр өссөн үзүүлэлт. 

Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын буцаалтыг энэ оноос эхлээд улирал тутамд олгоно. 2020 оны НӨАТ-ын эхний буцаалтыг дөрөвдүгээр сард олгох юм. Дараагийнх нь долдугаар сар, аравдугаар сар, ирэх оны нэгдүгээр сар гэх мэтээр олгохоор төлөвлөжээ.

Мөн "Иргэд НӨАТ-ын буцаалтаа авахгүйгээр төрийн үйлчилгээнийхээ төлбөрт шилжүүлэх боломжийг бид дараагийн улиралд бүрдүүлнэ. Тухайлбал, авто машиныхаа татварыг НӨАТ-ын буцаалтаасаа төлж болно” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.