Коронавирусийн дэгдэлтийн талаар анх мэдээлсэн эмч нас баржээ

Халдварын эхний өдрүүдэд коронавирусийн талаар анх мэдэж сэрэмжлүүлж байсан Уханий төв эмнэлгийн нүдний эмч Ли Вэнлянь халдварын улмаас амиа алджээ. Түүний биеийн байдлын тухай олон зөрүүтэй мэдээлэл гарсны дараа Уханий төв эмнэлгээс нас барсан болохыг нь баталжээ.

34 настай эмч Ли анх 12-р сарын сүүлчээр сэжиг бүхий өвчний талаар эмч нар, олон нийтэд анхааруулах гэж оролдсон байдаг. Нийгмийн сүлжээгээр түүний гаргасан сэрэмжлүүлэгт Уханий далайн бүтээгдэхүүний захаас халдвар авсан байж болох хүмүүсээс САРС-тай төстэй хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа илрээд байгааг анхааруулж байжээ. Харамсалтай нь эрх баригчид түүний анхааруулгыг эхэндээ огт тоогоогүйгээр барахгүй Лиг худал мэдээлэл түгээсэн хэргээр мөрдөн байцааж байжээ. Хатуу сануулга авч цагдаагийн мөшгилтөөс мултарсан Ли эмч эргэн ажилдаа орсон ч тун удалгүй ханиалган амьсгаа давчдах шинж тэмдэг илэрч эхэлжээ. Энэ хугацаанд хотын эрх баригчид ч үл мэдэгдэх өвчлөл дэгдэх болсныг хүлээн зөвшөөрч ДЭМБ-д мэдээлсэн байна.