Дархан-Уул аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарласан

ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-аас 2020 оны хоёрдугаар сарын 4-нд гаргасан мэдээллээр нийт 20630 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 426 нь нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа. БНХАУ-аас гадна одоогийн байдлаар 23 улсад 159 тохиолдол бүртгэгдсэн нас баралт нэг хэвээрээ байна. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ , Малайз,  Вьеьтнам, ХБНГУ нийт 6 тохиолдол шинээр нэмэгдсэн.  

БНХАУ-ын өвчин судлалын төвөөс 7711 батлагдсан тохиолдолд хийсэн судалгааны дүнгээс харах юм бол өвчлөл эрэгтэйчүүдэд давамгайлж явагдаж байгаа.

Насны хувьд нийт тохиолдлын 84 хувийг 30-79 насныхан эзэлж байгаа бөгөөд уг халдвар нэг сартайгаас 97 настай хүн хүртэл бүх насанд бүртгэгдсэн. Халдварын нууц үе 6.1 хоногтой байна" гэв.

Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг гарсан. 2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдол байсан хариу нь сөрөг буюу вирусийн халдвар илрээгүй. Хоёрдугаар сарын 4-нд Дархан.-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдан хянагдаж байна. Тухайн иргэн 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт хандсан. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө тусгаарласан байсан.

Мөн хоёрдугаар сарын 4-ны 23.00 цагт Сөүл-Улаанбаатарын онгоцоор хоёр тохиолдол ирж ХӨСҮТ-ийн тусгай тасагт тандалт судалгаа, шинжилгээ хийлгэн эмчийн хяналтад ороод байна. Тэдний шинжилгээний хариу маргааш гарна.

Японоос ирсэн 100 гаруй оношлуур бидэнд байна. Үүнээс гадна ДЭМБ-ын 3000 оношлуурын эхний 500 оношлуур ирэх долоо хоногийн эхээр ирнэ гэсэн мэдээтэй байгаа” гэлээ.