90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хилээр нууцаар гаргахыг завджээ

Хилээр хууль бусаар их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн ерөнхий газар илрүүлжээ. 

Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах гэж байсан Mонгол Улсын иргэн Н гар тээшиндээ 90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлсдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 15 сая төгрөг ба түүнтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр авч явахыг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний бэлэн мөнгийг Гаальд заавал мэдүүлэх хуулийн заалттай. 

Гаалийн ерөнхий газар 2019 онд хууль бусаар бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсан долоон удаагийн зөрчлийг илрүүлсэн бөгөөд 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.