ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тусгай хороо хуралдаж коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" (Global Health Emergency of International Concern) гэж зарлалаа. 

"Хятадаас гадна улс орнуудад энэ өвчин тархах эрсдэл байна. Ялангуяа эрүүлийг хамгаалах тогтолцоо сул орнуудад тархах магадлал өндөр байгаа нь олон улсын хэмжээнд онц байдал зарлах гол шалтгаан болж байна" гэж ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебреем хэлэв. Ийнхүү эрсдэлийн түвшинг зарласнаар одоо улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж олон улсын нислэгээ цуцлах, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах боломжтой юм. Мөн шаардлагатай гэж үзвэл олон улсын түвшинд халдварын тархалтыг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгө босгох эрх нээгдэх аж. Тэрчлэн Хятад улстай хил залгаа улс орнуудад илүү өндөр сонор сэрэмжтэй байх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам сайжруулах шаардлага тулгарч байна. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өмнө нь 2009 оны гахайн ханиад, 2014 онд халдварт саа, 2016 онд зика вирус, 2014 болон 2019 онуудад эбола вирусийн тархалтын үед олон улсын хэмжээнд онц байдал зарлаж байв. 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тухайд Хятадаас гадна дэлхийн 18 оронд 98 тохиолдол бүртгэгдээд байгаа. Одоогоор Хятадаас гадна улс оронд коронавирусын халдварын улмаас амиа алдсан тохиолдол гараагүй ч хүнээс хүнд халдсан найман тохиолдол бүртгэгдсэн нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тухайлбал Япон, Герман, Вьетнам, АНУ-д уг халдвар хүнээс хүнд дамжжээ.

Нийтдээ коронавирусийн 9000 шахам тохиолдол бүртгэгдээд байгаагаас амиа алдсан хүний тоо 213-т хүрсэн байна.