Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ шийдвэрт хүрсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.  Хуралд 59 гишүүн оролцсоноос 32  нь Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй байна. Гэсэн ч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авчээ. 

Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан. Гэсэн ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа нууцын зэрэглэлтэй УИХ-д хүргүүлсэн гэдгийг тодотгосон юм. Улмаар санал хураалтыг ч нууцаар буюу цаасаар авсан байна. 

Ерөнхий прокурор саналдаа Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах гурван үндэслэлийг дурджээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн олголтод албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, хэвлэлийн хурал хийхдээ хэргийн нууц задруулсан гэжээ.

Дашрамд дурдахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг намаас хасах шийдвэр гаргасан билээ.