Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч олонх нь "Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцсоноос 7 гишүүн "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн кноп дарж, зургаан гишүүн цөөнх болов.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус байнгын хорооны хуралдаанд орохоосоо өмнө сэтгүүлчдэд дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүн задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд өнөөдөр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаадах нотлох баримт цуглаж байна шүү дээ. Ганц яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн юм