Хонконгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлав

Хонгконгоос  20:00 цагт газардсан Чингис хаан нисэх буудалд буусан онгоцонд өндөр халуурсан иргэн байна гэсэн мэдээллийн дагуу  иргэнийг Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах талаар мэдээлсэн.  Албаныхан тухайн иргэнийг тусгаарлан,  үзлэг шалгалт хийсэн байна.

Тодруулбал, холбогдох албаны хүмүүс онгоцны буудлын тусгаарлах өрөөнд нарийвчлан үзлэг хийжээ. Энэ үеэр Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь тогтоогдож, ХӨСҮТ-д нарийвчилсан шинжилгээ хийхээр авч явжээ. Энэ талаар ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн “Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас Хонгконгийн онгоцонд өндөр халуурсан иргэний мэдээллийн дагуу Чингис хаан Олон улсын нисэх буудалд ХӨСҮТ болон ЗӨСҮТ /Зооноз өвчин судлалын үндэсний төв/-ийн Тандалт судалгааны мэргэжилтнүүд онгоц газардахаас өмнө ирсэн. Онгоцонд зорчиж явсан Монгол Улсын хоёр иргэн өндөр халуурсан болох нь үзлэг хийхэд тогтоогдлоо. Өндөр халуурсан иргэдийг ХӨСҮТ рүү нарийвчилсан үзлэг шинжилгээ хийхээр авч явсан. Урьдчилсан байдлаар, халуурсан иргэд Тайвань улсад сурдаг оюутнууд гэх мэдээлэл байна. Хоёр иргэний хувь тус улсад 2019 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 24-н хүртэлх хугацаанд суралцаж байгаад Монголд ирж байна” гэлээ. Хонгконгоос Улаанбаатарыг чиглэх онгоцонд дээрх өндөр халуурсан Монгол Улсын хоёр иргэний хамт 148 иргэн зорчиж явсан байна. Зорчигчдын биеийн байдлыг Хилийн мэргэжлийн хяналтынхан шалгаж, үзлэг шинжилгээ хийсний дагуу биеийн байдал хэвийн тул хилээр нэвтрүүлжээ. Ингэхдээ эдгээр зорчигчдыг нарийвчлан бүртгэн авчээ.