Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн хөрөнгө, орлого үндэслэлгүй нэмэгдсэн гэх асуудалд техникийн алдаа гарсан

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв. Тэрбээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэнийг шалгуулах хүсэлт тавьсан. Энэ асуудлаар өнөөдөр хуралдлаа. Хурал гишүүний горимын саналаар хаалттай болсон. Ёс зүйн зөрчилд холбогдсон гишүүдээс тайлбар авсан. Хурлаар энэ асуудалд техникийн алдаа гарсан байна. Тиймээс гишүүдэд зөвлөмж өгөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Техникийн алдаа гэдэг нь янз бүрийн төрийн бус байгууллагад өмнө нь ажиллаж байсан, байгуулснаа мэдүүлээгүй гэх мэт зөрчил гарсан. Үндсэндээ гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр огцом нэмэгдээгүй гэж үзсэн" гэлээ.