Б.Чинбатын эмчилгээний зардалд Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийтдээ 15 сая төгрөгийг олгохоор болжээ.

Б.Чинбат нь элэгний хатуурал өвчин хүндэрснээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм. Эхнэр  Ц.Сарнай нь түүний донор болж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгажээ. Хагалгаа амжилттай болсон ч Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгааны дараах эмчилгээний зардлыг босгох аян өрнөөд буй. Хандивын аян нь урлагийн тоглолт болон мөнгөн тусламж хэмээх хоёр хэсгээс бүрдэх юм. Энэ хүрээнд рок попын уран бүтээлчид нэгдэн "NICITON & Friends" тоглолтыг зохион байгуулах бол сонгодог болон үндэсний, драмын урлагийнхан хамтдаа "АРАВТ" хэмээх тоглолтыг толилуулахаар болсон байна. Фэйсбүүк сүлжээнд "Chinbaa Sarnai's medical fundraiser" үйл ажиллагааг эхлүүлж, 100.000 ам.долларын хандивыг цуглуулахыг зорьжээ.