УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд малын хулгайн гэмт хэргийн шийтгэлийг чангаруулах, малын тоог заахгүй байхаар санал хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мал хулгайлах гэмт хэрэгт зөрчлөөр шийтгэж болохгүйг хэлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар 17.12-т мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жилийн хугацаанд хорих ялтай. Гишүүдийн хэлж байгаа шиг бусдын малыг хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байгаа тогтолцоо манайд байхгүй. Үнэхээр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа бол тухайн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Харин одоогийн өөрчлөлтөөр хоёр төрлийн ялаас зөвхөн хорих ялыг нь сонгож байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломж байсан ч энэ удаагийн өөрчлөлтөөр хассан. Тиймээс зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа автомашин, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, нэг бод хулгайлахдаа машин ашигласан эсвэл бүлэглэж үйлдсэн л бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.  Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан” гэлээ.

Олон тооны мал гэдэгт найман бог, хоёр бодоос дээш тооны малыг хамруулахаар тусгажээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.