Хятадад дэгдсэн үл мэдэгдэх хатгалгааны шалтгаан тогтоогджээ

Хятадын Ухань хотод тархаад буй уушгины хатгалгаа нь титэм вирусний шинэ төрөл болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.Энэ тухай нэгдүгээр сарын 9-нд Хятадын Төв телевиз мэдээлэв.

Эмнэлэгт тусгаарлагдаад буй өвчтөнүүдийн шинжилгээнээс титэм вирусний шинэ төрлөөр өвчилсөнийг баталсан 15 тохиолдол нэгдүгээр сарын 7-нд бүртгэгджээ. Өвчин далайн бүтээгдэхүүнээр дамжсан байх магадлалтай аж. Эрдэмтэд судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн  ажиллаж байна.

Ухань хотод шалтгаан тодорхойгүй хатгаагаар 59 хүн өвчилсний долоо нь хүнд байдалд байгаа юм. Одоогоор 163 хүнийг эмчийн хяналтад аваад байна. Өвчтөнүүдийн ихэнх хотын загасны зах дээр ажиллаж байсан аж.

Хятадад өмнөх жилүүдэд амьсгалын замын хурц  халдварт хам шинжийн  өвчин нэг биш гарч байлаа. ДЭМБ-ын мэдээгээр 2002–2003 онуудын САРС-ын цартахалаар  350 хүн нас баржээ.