2019 онд гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 930 хүн нас баржээ

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны өмн үеийнхтэй харьцуулахад 4696 буюу 13 хувиар буурсан аж.  Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 930 хүн нас барж, 8720 хүн гэмтсэн.

Нийт гэмт хэргийн 58.2 хувь нь өмчлөх эрхийн эсрэг хэмт хэрэг байгаа бол 26.2 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. 

Улсын хэмжээнд 2019 онд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч гарсан гэмт хэргийг хоногт хуваан авч үзвэл нэг хоногт 88 буюу цагт 4 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт гурван хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн тоо гарчээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жилд  нийтдээ 800 гаруй арга хэмжээ, аянг зохион байгуулсан байна. Зодоон, танхайн гэмт хэрэг 18.3 хувир буурсан бол дээрмийн хэрэг 42 хувиар буурсан гэсэн үзүүлэлт байна. 

МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг олны анхаарал татсан зарим хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болон шалгагдаж байгаа хэргүүдийн явцын талаар мэдээллийг өгөв.

Тэрбээр "ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, 2018 оны зургаадугаар сараас эхлэн гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вальютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.

Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7400, ангийн зориулалттай 46, мянган ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ.

Монгол, БНХАУ-ын иргэд бүлэглэн 800 гаруй хятад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулан хууль бусаар олсон эд хөрөнгийг илрүүлж, АТГ болон ТЕГ-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын иргэн З бусадтай бүлэглэж Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Сүүж уул гэх газарт эртний Хүннүгийн булшийг ухан хосгүй үнэт эдлэлийг тоносныг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх дугаар ангид цэргийн алба хаагч нас барсан хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус ангийн гурван алба хаагчийг холбогдуулан шалгасан. Дээр дурдсан алба хаагчдыг гэм буруутай гэж тооцон, ял шийтгэл оногдуулах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргасан.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт иргэн А цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэрэг гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэргий Б.Болороо нь хэргийн нөхцөл байдал удаашралтай байгаа гэх үндэслэлээр Ерөнхий сайд болон ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүлснийг хүлээн авч, одоо энэ хэрэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг дээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, дүгнэлт гарчихсан. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.

Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг мөн авч шалгаж байна. Энэ хэргийг шалгах явцад бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан зургаан хэргийг нөхөн илрүүлсэн. Үүнээс дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна. Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа" гэв.