С.Чинзориг:Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ

“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 6-ны өдөр өргөн барьсан.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж. 2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм байна.

Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодруулахад "Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан.

Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэвргээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна.

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана.

Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон” гэв.