АНУ 150 гаруй гал сөнөөгчөө Австрали руу илгээжээ

АНУ 150 гаруй гал сөнөөгч болон түймэртэй тэмцэх мэргэжилтнүүдээ Австралийн Квинсланд, Шинэ Өмнөд Уэльс мужийн бүс нутагт гарсан түймрийг унтраахад туслуулахаар илгээжээ. "Манай хоёр улсын гал түймэртэй тэмцэх салбарын хамтын ажиллагаа хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд АНУ, Австралийн урт удаан хугацааны найрамдал, холбоо харилцааны нэг хэсэг юм" гэж АНУ-ын Үндэсний агентлаг хоорондын гал түймрийн төв мэдээлжээ.

2010 оноос хойш анх удаа АНУ Австрали руу гал сөнөөгчдөө илгээж байгаа нь энэ юм байна. "Бид улс орон даяар олон удаагийн түймэртэй тулгарч байсан. Тиймээс манай гал сөнөөгчдийн мэдлэг, туршлага Австралид гарсан гал түймрийг унтраахад тус болно"гэж АНУ-ын Ойн түймэртэй тэмцэх газрын дарга Шавна Легарза мэдэгдсэн байна.

Австралийн түймрийг унтраахад АНУ-ын хувийн компаниуд ч тусалж байгаа юм байна. Тухайлбал, гал унтраах зориулалттай DC-10 агаарын тийрэлтэт онгоцыг Нью Мексико хотод төвтэй хувийн гэрээт компаниас илгээжээ.

"Квинсланд, Шинэ Өмнөд Уэльсийн гал түймрийг унтраах, аврах үйлчилгээ өнгөрсөн долоо хоногт онцгой бэрхшээлтэй тулгарсан. Цаашид ч хүндрэлтэй тулгарахаар байна" гэж АНУ-ын Австрали дахь Элчин сайд Артур Б.Кулвахауэр мэдэгджээ. Тэрээр мөн "Манай хоёр улсын гал түймэртэй тэмцэх албаны хамтын ажиллагаа хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд АНУ, Австралийн урт удаан хугацааны найрамдалт нөхөрлөлийн нэг хэсэг юм" гэжээ.