Ц.Нямдорж: Цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахаар боллоо

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Цагдаагийн байгууллагын бүтцэд зарим нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо. Нэгдүгээрт, экологийн цагдаа байгуулах шийдвэр гарсан. Гол арван аймаг, 100 гаруй суманд эхний ээлжинд байгуулна. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, тэр тусмаа уул уурхайн олборлолттой холбоотой асуудлыг хянах чиглэлийн алба байна. Хоёрдугаарт, хуучин төмөр замын, нисэхийн, замын цагдаа гэж гурван төрлийг зохицуулдаг алба байсан. Эдгээрийг нэгтгэж Тээврийн цагдаагийн алба гэсэн хөдөлгөөний чиглэлийг хариуцсан нэг алба байхыг Засгийн газар зөвшөөрсөн. Гуравдугаарт, цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг хоёр, гурван газар байсныг нэгтгэж Мэдээлэл судалгааны нэг албатай болж байна. Ерөнхий дүнгээрээ цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын 90 гаруй хувийг хариуцдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэрэг гаралт 10 гаруй хувиар буурсан байна. Гэмт хэргийн өсөлт, зогсож, буурах буурахдаа Улаанбаатар хотод буурч байгаа нь цагдаагийн байгууллагынхны ажлын ахиц юм. Тээврийн цагдаагийн бүтцийн өөрчлөлт туршилт маягаар ажиллаж байсан. Үүний үр дүнд ахиц гарсан” гэлээ. Ийнхүү зарим албыг нэмж байгаатай холбогдуулан 170 гаруй хүний орон тоо шинээр гарч байгаа юм байна. Үүнтэй холбоотой зардлыг энэ оны төсөвт тусгасан байна. 

Түүнчлэн тэрбээр, цагдгаагийн байгууллагын парк шинэчлэл 2012 оноос хойш хийгээгүй. Одоо хийж чадсан зүйл нь 300 гаруй сумын хэсгийн төлөөлөгчийн байрны асуудал шийдэгдсэн. Мөн өнгөрсөн  жил Өвөрхангай, Хэнтий, Дундговь гэсэн гурван аймгийн цагдаагийн байгууллагын байр шинэчлэгдэн ашиглалтад орсон. Нийслэлд  Багануур, Багахангай, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын байрыг ашиглалтад оруулсан. Түүнчлэн замын  хөдөлгөөний 42 постыг барьж ашиглалтад оруулсан гэдгээ хэлэв.