Австралийн гал түймрийн улмаас 24 хүн амиа алдаж, 500 сая амьтан шатжээ

Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Австралийн түймэр нь Сибирьт гарсан түймрээс даруй хоёр дахин их газар нутгийг хамраад байна. Австралийн түймрээс үүдэн нийт 24 хүн амиа алдаад байна. Мөн 5,5 сая га талбай, 1400 гаруйорон гэр, хагас тэрбум гаруй амьтад устаж үгүй болжээ.

Австралийн зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймрийг унтраахад 3000 орчим цэргийн алба хаагч оролцоно хэмээн тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ. Тэрбээр, "Ард иргэд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж маш их бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид бүгд л адилхан сэтгэл зовниж байгаа шүү дээ. Нөхцөл байдал дээр биечлэн очиж тэдэнд дэмжлэг үзүүлж, ард иргэдийг тайван байлгаж, туслах нь миний үүрэг" хэмээжээ.

Салхины хурд улам нэмэгдэж, гал түймрийн цар хүрээ ихсэхийн хэрээр Австралийн зүүн өмнөд хэсэгт тэнгэрийн мандал улайж харанхуйлжээ. Ойн түймэр өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлжээ. Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа юм.

Австралид гарч буй гал түймрийн улмаас:

24 хүн амиа алдсан

500 сая гаруй ан амьтан устсан

8000 уутат (коала) баавгай устсан

5,5 сая га талбай шатсан

1400 гаруй орон гэр шатсан

10 сая гаруй хүн хортой утаагаар амьсгалж байна.