ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн чөлөөлөгджээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнө /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна.  Тэрбээр ХСҮТ-ийн захирлын суудлаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгчээ.

ХСҮТ-ийн захирлаар томилогдсон Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн ажээ.

ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан юм. Хэдийгээр түүнийг захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллана гэдэг мэдээллийг ойрын эх сурвалж нь өглөө.