Салхитын мөнгөний ордоос 500 кг мөнгө олборложээ

Салхитын мөнгөний ордоос олборлосон 50 кг мөнгөний дээжийг Монголбанкинд гардуулж, үнэт металл худалдан авах гэрээ байгуулав. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү нар оролцсон юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч боллоо. Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш. Энэ орд хэсэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр дээжийг нь энд авчирч,  Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах гэж байна. Энд 50 кг дээжийг нь авчирчээ. Одоогоор 500 кг мөнгө олборлоод байна. Бид гадаад валютын албан нөөцөө 4 тэрбум ам.долларт хүргэсэн тул би Монголбанкныханд баяр хүргэмээр байна. Гэвч бидний гадаад өр төлбөр мөн өндөр байгаа. Гадаад валютын нөөцөө өсгөхөд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна. “Эрдэнэс Монгол”, Монголбанктай дөнгөж сая таван жилийн гэрээ байгууллаа. Үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байна" гэсэн юм. Түүнлчэн цаашид  Хөгжлийн банк алт мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой гэдгийг энэ үеэр хэллээ.