МИАТ-ийн нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

Монголын нисгэгч гадаадад хар тамхи хэрэглээд баригдсан талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа жиргэсэн билээ. Тэгвэл Берлинд хар тамхи хэрэглэсэн нисгэгч нь “МИАТ” компанийн “Боинг 767-300” агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай гэх мэдээлэл байна.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн ТУЗ-ийн гишүүд нь Герман улсын Берлин хотноо болсон хуралд оролцжээ. Тэнд байх хугацаандаа таван одтой зочид буудалд байрлаж, улмаар архидан согтуурсан байна. Зочид буудлынхан цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар сэжигтэй харагдсан хүнээс шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг. Үүнээс болж Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоц саатаж, их хэмжээний төлбөр гарчээ.

Түүнчлэн нисгэгч Д.Булганхангайн аав Ж.Доржнамжил нь МИАТ-ийн Нислэгийн хэлтсийн дарга, “Боинг 767-300” агаарын хөлгийн дарга аж.