В.Путин Крым, Краснодарыг холбосон төмөр замын гүүрийн нээлтэд оролцжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крым болон Краснодарын хязгаарын бүсийг холбосон төмөр замын гүүрийг ашиглалтад оруулах ёслолд өчигдөр оролцжээ. В.Путин Краснодарын хязгаарын Таманскийн хойгт болсон энэхүү ёслолын үеэр хэлэхдээ "Крымийн төмөр замын гүүр ашиглалтад орсон нь чухал үйл явдал юм. ОХУ өөрийнхөө технологийн хүчээр энэ төслийг хэрэгжүүллээ. Хойшид иймэрхүү төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна" гэжээ.

Тэрээр мөн "Дэд бүтцийн энэ том төсөл Оросын эдийн засагт идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. 2020 онд Крымийн гүүрээр зорчих хүн давхардсан тоогоор 14 сая, бараа тээврийн хэмжээ 13 сая тоннд хүрэх болно" гэсэн байна. Крымийн их гүүрийг 2016 оноос бүтээн байгуулж эхэлсэн юм. Тус гүүр 19 км урт, тэнгис дээгүүр 7.5 км тавигдсан бөгөөд авто замын гүүр нь 2018 оны тавдугаар сард ашиглалтад орсон байна.