МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах "Утгын чимэг" наадам энэ жил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн , Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болон зохион байгуулагдаж буй. Уг наадмыг энэ жил 70 насны ой нь тохиож буй нэрт зохиолч Д.Намсрай агсны гэр бүл, үр хүүхэд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл МЗЭ -тэй хамтран зохион байгуулах юм.

"Утгын чимэг-2019" наадмын эхний шатны шалгаруулалт болж шилдэг өгүүллэгүүд тодорсон байна. Үүнд, Н.Бадамжавын "Эцэг", С.Батжаргалын "Хөх илдний нууц", С.Баттулгын "Зүүдний сахиул", П.Батхуягийн "Цаггүй газар", Т.Баянсангийн "Цагаан гэгээ тасрах үе", Д.Жамъянгийн "Хот айлын лус", Ш.Ёолк "Эхийн сэтгэл элдэггүй", Д.Норовын "Хэрээний нулимс", С.Пүрэвсүрэнгийн "Аав хүү хоёр", Д.Төрбатын "Хөөрөг" гэсэн 10 өгүүллэг сүүлчийн шатанд тунаж үлджээ.

Дашрамд дурдахад энэ жил Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй бөгөөд уг ойн хаалт болж "Алтан өд-2019 " наадам арванхоёрдугаар сарын 27-ны 14.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн ёслолын танхимд болох юм байна.