“Хүрээ” амаржих газрыг гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгоно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл дэд хөтөлбөрийг хэлэлцэж, хэрэгжүүлэх журмыг батлах юм байна. Мөн “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 20000 м.кв бохир ус цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн хуралдаанаар нийслэлийн "Хүрээ" амаржих газрыг Монгол Улсын гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэх гэнэ. "Хүрээ" амаржих газар нь Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нөхөн үржихүйн насны нийт 68 мянга гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой төрөх тасаг нээснээр энэхүү эмнэлгийн суурь тавигджээ. Улмаар Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар 1959 онд эмнэлгийг одоогийн байранд II амаржих газар нэртэйгээр нээсэн байна. Харин 2014 онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар нийслэлийн “Хүрээ” амаржих газар болгосон юм.