МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэллээ

Монгол Улсын их сургуулийн шинэ номын сан оюутнуудад зориулж шалгалтын үеэр туршилтаар 24 цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх өдрүүдэд оюутнуудад зориулан 24 цагаар ажиллах гэнэ.

Тус сургуулийн шинэ номын сан өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим,  5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг бүрдүүлсэн юм.

Номын сан 360 гаруй мянган хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд номын сангаар үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм.

Цагийн хуваарийн тухайд даваагаас баасан гаригуудад 08.30-20.30 цагийн хооронд амралтын өдрүүдэд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж, ням гарагт амардаг байжээ.