Москва хотын төвд зэвсэгт этгээд халдлага үйлджээ

Автомат буугаар зэвсэглэсэн этгээд Москва хотноо байрлах Холбооны аюулгүй байдлын алба /FSB/ буюу тагнуулын газрын төв байранд нэвтрэхийг оролдон гал нээжээ. Өчигдөр /2019.12.19/ болсон энэ хэргийн улмаас FSB-ийн нэг албан хаагч амиа алдаж, таван хүн шархадсан байна. Шархадсан албан хаагчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Аюулгүйн албаныхан байрыг бүсэлж, ойр орчмын хүмүүсийг хамгаалалтад авсан байна. Оройн 18:00 цагийн орчимд болсон уг буудалцаан Ерөнхийлөгч Владимир Путины шууд нэвтрүүлэг дууссанаас нэг цаг орчмын дараа болжээ. Владимир Путин жил бүр иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр уулзаж, санал бодлыг нь сонсдог бөгөөд хэвлэлийн хурал дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Мөн энэ өдөр FSB-ийн баярын өдөр байжээ.

Зарим эх сурвалжууд анх гэмт этгээдүүд гурвуулаа байсан, эхний хоёр нь FSB-ийн нэвтрэх хэсэгт амиа алдсан бол гурав дахь этгээд цагдаа нараас зугтаан, хажуугийн байр руу гүйж байхдаа буудуулсан гэж мэдээлсэн. Гэвч FSB-ийн зүгээс энэ мэдээллийг няцаасан байна. Мөн хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүд түргэн тусламжийн таван машин ирээд явсан гэдгийг ч баталжээ.