Сонгуульд өрсөлдөх бүх намд иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт мэдээллийг өгөх боллоо

Сонгуулийн ерөнхий хороо, ЦЕГ, Улсын бүртгэлийн газар, ХХЗХ, АТГ-ын удирдлагууд УИХ-ын чуулганд оролцож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуульд оролцох улс төрийн намуудад иргэдийн нэр, овог, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллийг өгдөг байх санал гаргаж байна. Энэ саналыг АН гаргасан. Энэ мэдээллийг бүх намд өгснөөр МАН өөрсдөдөө давуу байдал бий болгодог гэх шүүмж гарахгүй. Өмнөх сонгуулиар намуудад сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгдөг байсан.                     

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Яагаад энэ удаагийн сонгуулиар иргэдийн нэрсийн жагсаалтыг өгөхгүй гэснийг би ойлгохгүй байна.  Ил тод байх тусам сонгууль хардлага сэрдлэггүй болно.    

Хуралдаанд УИХ-ын 47 гишүүн оролцож байна. Тэдний дийлэнх нь дэмжсэнээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцох бүх намд өгөх С.Бямбацогт гишүүний саналыг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ мэдээллийг хүлээн авсан нам цааш нь задруулахгүй байх үүрэг хүлээлгэх ёстой. Бүртгэлийн тухай хуулиар хүний регистрийн дугаар хязгаарлагдмал нууцад хамаардаг тул хууль зөрчиж болохгүй. Хэрэв хэн нэгний гэрийн хаяг гэх мэт мэдээллийг ил болгочихвол яах вэ?                 

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан горимын саналыг Б танхимд хэлэлцэх боллоо.

Харин чуулганаар Инновацийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.