Дүрвэгсдийн анхдугаар форум болжээ

Швейцарийн Женев хотноо олон улсын Дүрвэгсдийн анхдугаар форум хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөжээ. Энэхүү форумаар дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дүрвэгсдийн асуудлаарх глобал гэрээг хэрэгжүүлэх, үүнд улс орнуудад үүрэг, хариуцлагын механизм бий болгох зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү форум нь дүрвэгсдийн асуудлаарх глобал гэрээ батлагдсанаас хойш болж буй анхны том чуулга уулзалт юм байна. Тиймээс цаашид уг форумыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар болжээ.

Өнөөдөр 71 сая хүн буюу дэлхийн хамгийн том хот болох Токиогийн хүн амаас хоёр дахин олон тооны иргэд эх нутгаа орхин дүрвээд байна. Үүний 26 сая нь арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, нийгмийн тодорхой бүлэгт гишүүнээр элссэн шалтгаанаар хавчлага, хүчирхийлэлд өртөж улс орноо орхисон хүмүүс байна. Харин 3.5 сая нь орогнол хайж буй хүмүүс бол 41 сая нь дотоод зөрчил, байгалийн гамшгийн улмаас гэр орноосоо дүрвэсэн, гэхдээ олон улсын хил даваагүй хүмүүс байгаа аж. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь өөрсдийн засгийн газрын хууль ёсны хамгаалалтад хэвээр байгаа бөгөөд дүрвэгсэдээс ялгаатай нь олон улсын эрх зүйн хамгаалалтад хамрагдах боломжгүй, олон төрлийн тусламж авах эрхгүй байгаа хүмүүс юм байна. Мөн нийт дүрвэгсдийн тал хувь нь 18-аас доош насныхан буюу хүүхдүүд байгаа нь олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байна.