Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа техник хэрэгслийн улсын бүртгэлийг 2020 оны эхний улиралд багтаан шинэчлэн бүртгэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Ингэснээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгох хариуцлагын механизм нэмэгдэнэ. Одоо бол ихэнх тээврийн хэрэгсэл нь сэлбэг нэрийн дор ямар нэгэн татвар төлөхгүйгээр орж ирж байгаа. Үүнийг таслан зогсооно.

Мөн бичил уул уурхайн асуудлыг зохицуулсан 151 дүгээр тогтоолыг богино хугацаанд шинэчилэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Энэ тогтоолыг шинэчилснээр бичил уурхай нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлодог, хариуцлагаас зугтдаг явдал гарахгүй" гэлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа. 

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу?

-Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй.

-Эко алтан заамар" компанид дахин хүний амь эрсэдсэн. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байна вэ?

-МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. БОАЖЯ хамгаалаад байгаа зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг.

-Үйл ажиллагааг нь зогсоох дүгнэлт ирээгүй гэсэн үг үү? 

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөө БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг. Эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн.