Төрийн албаны нөөцөд 1116 хүн нэмэгджээ

Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард явуулсан. Цахимаар бүртгэл явуулахад нийт 8894 хүн бүртгүүлсэн. Үүнээс эхний шатны шалгаруулалтад 1588 хүн, хоёр дахь шатны шалгаруулалтад 1443 хүн тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтаар 1116 хүн тэнцэж төрийн албаны нөөцөд багтсан байна.

Нэмж мэдээлэхэд, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа гэнэ. Өнгөрсөн онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ.Тэгвэл төрийн байгууллагуудад төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албан тушаалд гэрээгээр ажиллуулах, Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх зөрчил илэрдэг талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. Мөн  төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг зөрчил илэрдэг аж.